БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан байна.
Дээрх журам нь ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтайгаас бусад төрлийн ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох үйл ажиллагаанд хамаарна.
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн газар ашиглуулахыг хоригложээ.
“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын зорилго нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй нөөц, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх юм.
Бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан “нөхөрлөл”, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасан “хоршоо”-ны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1 дэх хэсэгт заасан “бүртгэгдээгүй нөхөрлөл”-ийн хэлбэртэй байна. Нэг нөхөрлөл, хоршооны гишүүдийн тоо нь 9 (ес)-өөс цөөнгүй байх бөгөөд гишүүн нь өөр нөхөрлөл, хоршоонд бүртгэлгүй байна.
Бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийг тухайн сум, дүүргийн Засаг даргад гаргах бөгөөд дараах шаардлагыг хангасан иргэнийг бичил уурхайд ажиллуулна. Үүнд:
- 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
- тухайн аймаг, нийслэлд оршин суугчаар бүртгүүлсэн;
- нөхөрлөл, хоршооны гишүүн;
- бичил уурхайн мэргэжлийн холбооны зохион байгуулсан бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нөхөн сэргээлтийн болон бичил уурхайгаар олборлох бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох сургалтад хамрагдан гэрчилгээ авсан;
- харьяалах аймаг, нийслэлийн татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн зэрэг шаардлагууд багтана.
Хэрэв дээрх шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр элсүүлсэн бол тухайн бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг хүлээн авахгүй байхаар журамлажээ.
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нэгж талбайн хэмжээ 5 га-аас ихгүй байх бөгөөд сум, дүүргийн нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн нийт хэмжээ 50 га-аас ихгүй байна.
Тус журмын хавсралтаар бичил уурхай эрхлэгчээс гаргах өргөдөл, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-ний загварыг баталсан байна.
Энэхүү журам батлагдсанаар уг харилцаанд хамаарах "Журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоол, "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар тогтоол тус тус хүчингүй болсон байна.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16531307907191&showType=1