МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЯВУУЛЛАА
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар ажлын хэсгийн танилцуулгыг хуралдаанд танилцуулав. Улсын Их Хурлын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлуулах, бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд нэмж тусган, төслийн эцэслэн батлах хувилбарыг бэлтгэсэн байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдахаар тусгасан бөгөөд уг сургалтад одоо барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй байх асуудлыг зохицуулж өгөх нь зүйтэй гэж ажлын хэсэг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, төрөөс анхдагч хууль гарган тус харилцааг зохицуулж байгаатай холбогдуулан нэгэнт бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газрын удирдлага, менежерийг 1 жилийн дотор сургалтад үнэ төлбөргүй хамруулах шаардлагатай гэж үзсэн байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл 2 зүйлтэй хэмээн Д.Цогтбаатар гишүүн танилцуулсан. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газрын гүйцэтгэх удирдлага, менежер нь уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад үнэ төлбөргүй хамрагдах юм байна. Төслийн хоёрдугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг тусгажээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг бөгөөд хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлгийн дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасныг үндэслэн горимын санал гаргалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олон энэ горимын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/18770/