“ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯНАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургууль хамтран зохион байгуулсан “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр боллоо.
Тус эрдэм шинжилгээний бага хурлын чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ажиллалаа. Тэрбээр энэ үеэр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан талаарх мэдээллийг өгөөд ажлын хэсэгт ажиллаж байгаа зарим Улсын Их Хурлын гишүүд болон мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхээр эрдэмтэн судлаачид ажиллаж байгааг танилцуулсан.
Энэхүү хурлын үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.) Ц.Сарантуяа “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хянах эсэх асуудал”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн доктор (Ph.D.) Х.Сэлэнгэ “Үндсэн хуулийн хяналтын объектыг сайжруулах арга зам”, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан “Үндсэн эрхийн маргаан: олон улсын сайн туршлага ба Монгол”, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан “Монгол Улсын Үндсэн хуулийн процессын эрх зүйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Хууль зүйн газрын дарга Н.Болортунгалаг “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал (эрх зүйн зохицуулалтын хүрээнд)” сэдэвт илтгэлүүд танилцуулсан бол үргэлжлүүлэн “Легалдата” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, судлаач Т.Алтангэрэл “Үндсэн эрхийн маргаан шийдвэрлэх нь: ХБНГУ-ын туршлага болон ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаа, маргаан хянан шийдвэрлэх явцын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Төгсгөлд нь Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны дарга, доктор В.Удвал “Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйл, үзэл санаа, зарчмыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага” сэдвээр танилцуулав.
Эх сурвалж: https://mojha.gov.mn/?p=8860