ЖОЛООЧИЙН ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛИЙН ОНОО ТООЦОХ ЖУРАМ
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуульд заасны дагуу замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах болон бэлэн бус торгууль ногдуулах, зөрчлийн оноо тооцдог болсонтой холбогдуулан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” –ыг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хууль зүйн сайдын тушаалаар баталжээ.
Тус журмаар тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, хариуцлагыг сайжруулах зорилгоор жолоочид зөрчил гаргасан тохиолдолд оноо тооцох буюу хасах, зөрчил гаргаагүй тохиолдолд онооны урамшуулал олгохоор тогтсон байна.
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооны дээд хэмжээ 10 байх ба уг оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцно. Зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтанд хамрагдаж, шалгалтанд тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноог олгоно. Мөн эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн хасагдсан жолоочийн зөрчлийн оноог сэргээхээр болжээ.
1. Жолоочийн бүртгэлийн оноог хасах:
· Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд -5 оноо;
· тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид -2 оноо;
· тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид -1 оноо;
· согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -2 оноо;
· замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -1 оноо;
· улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;
· тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;
· тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид -3 оноо;
· зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид -2 оноо;
· замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид -1 оноо,
· гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -1оноо;
· замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд -2 оноо;
· замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид -2 оноо;
· давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид -2 оноо;
· төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид -3 оноо;
· тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид -1 оноо;
· хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид -1 оноог тус тус хасна.
2. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог сэргээх, урамшуулах:
· Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй 2 жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна;
· Эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн хасагдсан жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ;
· Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгож болно.
Мөн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан өөрчлөлтүүдийг бид өмнөх мэдээллээрээ хүргэж байсан бол зарим нэг онцлог заалтуудыг тодруулж байна. Үүнд:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
- Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
- Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах;
Жолооч шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж тээврийн хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зэрэг заалтуудыг тус хуульд тусгажээ.