НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Улсын Их Хурлаас долоо хоног бүрийн мягмар гараг бүр “Хуулийн мэдээлэл” арга хэмжээг зохион байгуулж, шинээр батлагдсан болон хэрэгжиж эхэлсэн хуулиудын үзэл баримтлал, ач холбогдол, үр нөлөө, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгч байгаа билээ. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд 2022.11.22-ны өдөр 2022 оны 05 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар мэдээлэл өгчээ.

Тэрээр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдээлэл авах эрхийн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай  хуулиудыг Улсын Их Хурал баталсан хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотгож хэлсэн.

Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлснээр төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй, иргэд төрөөс үйлчилгээ авахын тулд шат дамжлагагүй нэг цэгээс авдаг болох ёстой боловч төрийн байгууллагууд иргэдээс цаас нэхсээр байгаа нь цахим баримт цаасан баримтын нэгэн адил үйлчлэхтэй холбоотой зарим нэг эрх зүйн зохицуулалт дутуу байгаатай холбоотой. Тиймээс 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж холбогдох хуульд зааснаас бусад тохиолдолд хүний эмзэг мэдээлэл буюу биометрик болон генетик мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглохтой холбоотой онцлог зохицуулалтыг тусгаж өгсөн талаар онцолсон. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үзэж байгаагаар мэдээллийн хариуцагч тал буюу төр хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг давхар хариуцах эрх зүйн орчныг бий болгож өгснөөр хүний эрхийг хангахад дэвшил болжээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нэвтрэх, ашиглахад хязгаарлалт тогтоогоогүй 5 чиглэлийн 67 төрлийн багц мэдээлэл нээлттэй болсон. Түүнчлэн Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагаас 2022-05-01-ний өдрөөс эхлэн 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, 171 хорооны бүртгэлийн нэгжээр дамжуулан нийт 313384 иргэн, 82242 хуулийн этгээд, 14288 төрийн албан хаагчид тоон гарын үсэг олгожээ. 

Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/18972/