АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ДАГАЛДАХ БУСАД ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд Аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор өөрийн орны өвөрмөц онцлог, олон улсын жишиг, чиг хандлагад нийцүүлэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд дараах онцлог зохицуулалтууд тусгагдсан аж. Үүнд:
1.Аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилж, тур операторын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлагыг тодорхой тусгаж, тур оператор, аяллын агентын эрхлэх үйл ажиллагааны ялгаа заагийг нарийвчлан тусгажээ.
2.Аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, аялал жуулчлалын бүсийг улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс байдлаар ангилах, бүсийн менежментийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зохицуулалтыг тусгасан.
3.Нутгийн иргэдэд түшиглэсэн нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, малчид эвлэлдэн нэгдэж, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахыг төрөөс болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас бодлогоор дэмжлэг үзүүлэхээр заасан.
4.Хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан нэр томьёоны тайлбарт нийцүүлэн боловсруулж, тодорхойлсон.
5.Аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгов.
6.Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд нь стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх, байгууламж барих, засварлах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцох зохицуулалтыг тусгаж, хил орчмын аялал жуулчлалыг олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэхээр зохицуулсан.
7.Ан агнуурын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор сүргийн бүтцийг алдагдуулахгүйгээр тооцоо, судалгаанд үндэслэн аргаль, янгир, идлэг шонхрыг агнах, тул загасыг барих, агнах тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
8.Төрөөс аялал жуулчлалыг дэмжих чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулж, сангийн эх үүсвэрийг казино, бооцоот морин уралдааны татварын орлого болон олон улсын нислэгийн зорчигчоос хураан авах аялал жуулчлалын төлбөрийн орлого, агаарын навигацийн үйлчилгээнээс улсын төсөвт төвлөрсөн орлогын тодорхой хувь, жуулчинд олгох татварын буцаан олголтын тодорхой хувь зэрэг эх үүсвэрээс бүрдүүлэх ба сангийн хөрөнгийг агаарын зорчигч тээврийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалыг улирлын хамаарлыг бууруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэхэд зарцуулахаар зохицуулсан.
9.Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
10.Аялал жуулчлалыг мэргэжлийн холбоог байгуулж, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэл олгох, тур операторын тусгай зөвшөөрөл олгох, жуулчны хөтчийг бүртгэх, үнэмлэх олгох чиг үүргийг шилжүүлж болохоор тус тус тусгажээ.
Эх сурвалж: parliament.mn