ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАГДСАН ЭТГЭЭДИЙН ЗОРЧИХ БҮСИЙГ ӨӨРЧИЛЖ БОЛОХ УУ?

Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина. Ингэхдээ, ялтанд зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журам, хяналтын техник, хэрэгслийг ашиглах, арчлах заавар, журам, ял эдлэх нөхцөл, журмыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, авах арга хэмжээний талаар тайлбарлаж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.

Зорчих эрхийг хязгаарласан ял шийтгүүлсэн ялтан дараах үүрэгтэй. Үүнд:

- Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх;

- Шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

- Шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх;

- Шийдвэр гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх;

- Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирэх, ял эдлүүлэхтэй холбогдсон асуудлаар амаар болон бичгээр тайлбар гаргах;

- Тогтоосон журмын дагуу зөөврийн хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах, хяналтын төхөөрөмжийг хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

- Хувийн бичиг баримтаа биедээ авч явах;

- Ял эдэлж дуусмагц хяналтын тоног төхөөрөмжийг шийдвэр гүйцэтгэгчид бүрэн бүтэн хүлээлгэн өгөх зэрэг болно.

Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тоолдог.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн дараах тохиолдолд прокурор ялтны зорчих бүсийг өөрчилж болно. Үүнд:

- Ялтны ар гэрийн байдалд өөрчлөлт орсны улмаас шүүхээс анхлан тогтоосон газарт ял эдлүүлэх боломжгүй болсон;

- Ялтны санхүүгийн чадавх, гамшиг, аюулт үзэгдлийн улмаас байнга оршин суугаа газраа өөрчлөх шаардлагатай болсон;

- Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ялтан оршин суух газраа өөрчлөх зорилгоор хувийн орон сууц, хашаа байшин худалдан авсан;

- Ялтны ял шийтгүүлэх үеийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, эсхүл өөр байгууллага, хуулийн этгээдэд шилжин ажиллах, шилжин суралцах шаардлагатай болсон;

- Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагад элсэн суралцах;

- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүхээс тогтоосон бүсэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй болсон зэрэг орно.

Ялтан ял эдлэх бүсээ өөрчлөх тухай үндэслэл бүхий хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн санал, холбогдох материалыг хянаж, 10 хоногийн дотор прокурорт хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

Эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 168, 174 дүгээр зүйл