МОНГОЛ УЛС, АЗИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК ХООРОНДЫН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлжээ.

Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр) нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтад заасан гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн тухай олон улсын гэрээ болох тул Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай болохыг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан байна.

 Хуулийн төсөл нь 1 зүйлтэй байх бөгөөд тус зүйлд Монгол Улс, Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк хооронд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан байна.

Уг хуулийн төслийг баталснаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар байхгүй бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засагт учраад буй сөрөг шокийн үед нийт хүн ам, тэр дундаа эмзэг, ядуу иргэдийн өртөмтгий байдал, Монгол Улсын эдийн засагт үүсээд буй инфляц, төлбөрийн тэнцлийн сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжпэг үзүүлэх бөгөөд цаашид тус хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн хөрөнгө нь гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх болон төсвийн тусгай шаардлагыг хангахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газраас үзсэн байна.

           

Эх сурвалж: https://www.parliament.mn/