ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2022.12.20) хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулжээ.
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн хууль тогтоомж санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг Хууль тогтоомжийн тухай хуулиар нарийвчлан зохицуулах нь оновчтой гэж үзэж, холбогдох өөрчлөлтийг оруулахаар зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусган төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан агуулга ижил боловч өөр бичилттэй, тухайн нэр томьёог дагаж өөрчлөх, шаардлагатай тохиолдолд холбогдох бүх хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болох ажээ.
Одоогийн хууль тогтоомжоор Улсын Их Хурлаас баталсан хуулиудын албан бус орчуулгыг хийх талаар эрх зүйн тодорхой зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн төсөлд эрх зүй, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн албан бус орчуулгын сан бүрдүүлж, хувийг эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулах юм байна. Түүнчлэн хууль санаачлагч худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр боловсруулсан хууль тогтоомжийн төсөл болон энэ хуульд заасны дагуу судалсан судалгааны тайланг 60 хоногоос доошгүй хугацаанд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулж, санал авах юм байна. Ингэснээр судалгаа шинжилгээний болон эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой гэж үзжээ.
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хурлын баталсан хуулиудын англи хэлний албан бус орчуулгыг холбогдох байгууллагууд уг хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд хариуцан гүйцэтгүүлэх зохицуулалтыг мөн хуульчлах юм байна.
Эх сурвалж: https://www.parliament.mn/