ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН “ОРХОНЫ ХӨНДИЙД ХОТ БАЙГУУЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан зорилт 8.2-ын I үе шатны 8.2.3-т “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж, II үе шатны 8.2.3-т “Шинэ нийслэлд төрийн захиргааны болон зарим нийгмийн үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нүүлгэх ажлуудыг эхлүүлсэн байна”, III үе шатны 8.2.2-т “Шинэ нийслэлийг ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын бүтээлч хот болгоно” гэж тус тус тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд дээрх зорилтуудыг тусгасан байдаг.
Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Нийслэлийн хүн амын эрчимтэй өсөлтийг дагаад хүрээлэн буй орчны доройтол, дэд бүтцийн даац хэтрэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдал, ажилгүйдэл, ядуурал ихсэж, хүн амын хэт төвлөрөл үүсгэж байна. Барилга, хот байгуулалтын яамнаас Орхоны хөндий орчимд хот байгуулалтын судалгааг үе шаттай хийж иржээ.
Тухайлбал, 2005 онд шинэ хотын байршлыг урьдчилсан байдлаар тогтоох судалгаа, 2006 онд нийслэлийн баримжаатай жишиг хотын экологи-хот байгуулалтын үнэлгээ, 2009 онд Хархорин, Эрдэнэзуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр, 2012 онд “Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ирээдүйн төлөв, архитектур хот төлөвлөлт” судалгаа, 2022 онд Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэлийг тус тус боловсруулжээ. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын техникийн туслалцааны хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран 2019-2021 онд хэрэгжүүлсэн “Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төсөл”-ийн тайланд “Нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ нийслэл хотыг Хангайн бүсийн тулгуур төв Харин хот эсхүл улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт байрлуулах” саналыг дэвшүүлсэн юм.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/19269/