УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай
Монгол Улс эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх хүрээнд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтаар дэмжин хөгжүүлэх чиглэлээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Монгол Улсын хөгжлийн мега төслүүдэд хөрөнгө оруулах чиглэлээр Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулсан билээ. Гэвч энэхүү хөрөнгө оруулалтууд зорилтот салбартаа, зорилтот бүлэгтээ тэр бүр хүртэхгүйгээр улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор завшсан, зээл олгоход баримтлах хууль тогтоомжийг зөрчин нөлөөлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд олгуулсан, улмаар энэ хэрэгтээ улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал удаа дараа гараад байна.
Энэ нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл, хөрөнгө оруулалт бий болгож, тэдгээрийг эргээд өөрсдөө, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдээрээ дамжуулан хувааж авч байгаа маш ноцтой ашиг сонирхлын зөрчил юм. Эдгээр зүй бус асуудлууд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх олон нийтийн хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буураад байна.
Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд орлогоосоо давсан хэт их хэмжээний зээл бусад этгээдээс авах, төрөөс баталгаа гаргасан аливаа төрлийн зээл, хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн урдуур орж завших, өөрийн хамаарал бүхий этгээдэд олгуулахаар нөлөөлөх асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж хууль санаачлагч танилцуулав.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/19245/