АЖИЛЛАХ ХҮЧ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
Монгол Улсын Их хурлын Байнгын хорооны 2023.01.10-ны өдрийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар зохицуулж байна. Энэ хуульд гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг хуулиар зохицуулахаар тусгасан.
Төрийн өмчит зарим хуулийн этгээд сул ажлын байрандаа ажилтан олж ажиллуулахад хүндрэл үүссэний улмаас гадаад ажилтан ажиллуулах зөвшөөрөл хүсэх тохиолдол сүүлийн жилүүдэд гарч, гадаадаас ажилтан авч ажиллуулах хэрэгцээ үүссэн. Гэвч тухайн байгууллагын төсөвт гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх төсөв батлагддаггүй тул гадаад ажилтан авч ажиллуулах боломжгүй болж, улмаар ажиллах хүчнээс хамааралтайгаар үйлчилгээний чанар, хүртээмж муудах нөхцөл бий болж гээд, төрийн өмчит зарим хуулийн этгээдийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж болох тухай Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасныг хууль санаачлагчид дурдав.
Хуулийн төсөлд тусгагдсан хөнгөлөлт чөлөөлөлтийн үргэлжлэх хугацаа, гадаадад ажиллах хүч гаргах зэрэг төрийн зарим үүргийг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж буй үйл ажиллагаа Зөвшөөрлийн тухай хуулиар хязгаарлаж байгааг хэрхэн шийдвэрлэх, төрийн өмчит компаниудад ажлын байрны төлбөрийн хөнгөлөлтийн давуу байдал үүсгэж байгаа нь зохимжтой эсэх, мөн гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд, тэдний төлж буй шимтгэл, түүний зарцуулалт зэрэг асуудлаар асуулт, хариулт хийсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Бэйсэн “гадаадад ихэвчлэн залуучууд ажиллахаар явж байгаад анхаарч, дотооддоо ажиллах хүчнийг бэлтгэх, сургахад түлхүү чиглэж ажиллах шаардлагатай” байгааг зөвлөсөн юм.
Ийнхүү Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/19324/