ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
Монгол Улсын Их хурлын Байнгын хорооны 2023.01.10-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 15-нд өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд танилцуулгадаа дурдсанаар 11 бүлэг, 60 зүйл бүхий уг хуулиар хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хуримтлал үүсгэх, хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ.
Мөн хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын шимтгэлд суурилсан бүрэн хуримтлалын байх үйл ажиллагаа, засаглал нь ил тод, санхүүгийн хувьд тогтвортой, бие даасан, найдвартай байх, өвлөгддөг байх зарчмыг баримтлан ажиллахаар хуулийн төслийг боловсруулсан талаар дурдаж, төслийг боловсруулах Ажлын хэсэгт холбогдох яамд, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монгол банк, Монголын хөрөнгийн бирж ТӨХК, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, “Тэтгэврийн ууган сан” ТББ, “Нэйшнл лайф” урт хугацаат даатгалын компани, Ард Лайф ХХК-ийн төлөөлөл, бие даасан судлаач, актуарчид, тэтгэврийн реформын төлөөх хөдөлгөөний төлөөлөл оролцсоныг танилцуулав. Мөн олон улсын зөвлөх багууд ажиллаж, төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн байна.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсад энэ төрлийн тэтгэврийн үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдэж, тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, иргэд өөрийн хуримтлалаас тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, ипотект зориулах, санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэх зэрэг олон эерэг үр дүн гарна гэдгийг онцлов.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/19324/