ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ӨМЧИЛЖ БАЙГАА НИЙСЛЭЛ ДЭХ ХОЁР ОРОН СУУЦЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг “иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууц” гэж өөрчилсөн.

Үүний дагуу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №292 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам”-д 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Журамд нэмэлт оруулах тухай” А/234 дугаар тушаалаар нэмэлт орсон.

Тус нэмэлтэд “Иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа нийслэл дэх хоёр орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө. Хэрэв албан татвар төлөгч нь гурав ба түүнээс дээш орон сууц өмчилж байгаа тохиолдолд албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтээ жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд харьяа татварын албанд гаргана” гэж заасан байна.

Хэрэв дээрх хугацаанд хүсэлтээ гаргаагүй тохиолдолд татварын алба бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэлд үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д заасны дагуу улсын бүртгэлд эхэнд бүртгүүлсэн хоёр орон сууцыг албан татвараас чөлөөлнө. Харин хоёр ба түүнээс дээш өмчлөгчтэй үл хөдлөх эд хөрөнгөд ногдох албан татварыг хувь тэнцүүлэн тооцож, өмчлөгч тус бүрд чөлөөлөлтийг хэсэгчлэн эдлүүлэхээр тус тус зохицуулжээ.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=210427&showType=1