НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙГААС “АРДЧИЛЛЫН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ” ТОГТООЛ БАТЛАГДЛАА
Монгол Улсын санаачилсан “Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Бүгд хуралдаанаар хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр баталсан байна.
Энх тайван, хүний эрхийг хангах, тогтвортой хөгжилд хүрэхэд ардчилал, боловсролын уялдаа холбоо нэн чухал үүрэгтэй болохыг нотолсон энэхүү тогтоолыг Монгол Улс 2012 оноос санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хоёр жил тутам батлуулж ирсэн.
Бүх бүс нутгийн төлөөлөл бүхий 84 улс ардчиллын боловсролын чухлыг нотлон илэрхийлж, уг тогтоолыг дэмжиж, хамтран зохиогчоор орсон байна.
Уг тогтоол нь 2022 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр болсон “Хувьсаж буй боловсрол” Дээд түвшний уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх асуудлыг тусгасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2 дахь тогтоол юм. Tогтоолын мөрөөр ардчиллын боловсролын асуудлаар тусгайлан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тайланг гаргаж, Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд танилцуулахаар болсон.
Эх сурвалж: https://mongolia.gov.mn/news/view/26536