ЗАСАГТ ХАН АЙМГИЙН АЮУШ ТЭРГҮҮТЭЙ АРДЫН ЗАРГЫН БИЧИГ
Монголын ард түмнийг манжийн дарангуйллын үед түрэмгийлэн эзлэгчид хаад ноёдоор нь дамжуулан дарлан мөлжиж байсан байсан цагт А.Аюуш ард олноо толгойлон тэдний эсрэг тууштай тэмцэгчдийн нэг байжээ. 1911 онд Маньбазарын хошууны ардуудыг удирдан тэмцсэнийх нь төлөө хошуу ноён Маньбазар хүнд эрүү шүүлт тулган гяндан хорьсон түүхтэй.
1911 онд 2 сарын 26-нд А. Аюушийг ардууд чөлөөлсөн бөгөөд Гомбожав тайж тэргүүтэй 200 гаруй босогчид нийлэн «Цэцэг нуурын дугуйлан»-г байгуулж тайжийн боловсрол мэдлэгт тулгуурлан хошуу ноёндоо 44 зүйлийн шаардлага бүхий заргын бичгийг хүргүүлсэн бөгөөд, энэ заргын бичиг нь шийдэгдэлгүй явсаар бүр Нийслэл Хүрээ хүрч давж заалдсан байдаг. Гэвч хэргийн баримт дутуу гэдгээр шалтгаалан хойшлуулсаар байтал заргын гол эзэн Хошуу ноён Маньбазар өвчний улмаас өөд болсноор энэ хэрэг замхарсан түүхтэй. Ингээд та бүхэнд энэхүү алдарт заргын бичгийг хүргэж байна.
ЗАСАГТ ХАН АЙМГИЙН АЮУШ ТЭРГҮҮТЭЙ АРДЫН ЗАРГЫН БИЧИГ
(1917)
ӨРГӨХ БИЧИГ
Засагт хан аймгийн Бээсийн зэрэг гүн Маньбазарын хушууны харц Аюуш нар өргөдөл бичиж.
Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамнаа өргөх нь: ноднин жил 3 сард өчүүхэн нар, нэр жагсааж харьяат аймгийн Чуулганы даргын дэргэдэх жагсааны хэргийг шийтгэгч туслагч түшмэд танаа өргөн мэдүүлсэн бичигт мэдүүлэхийн учир мөнөөхөн засаг Маньбазар, доод олон албат ард нарыг чангад дарлаж эдийг авч ашгийг хичээж холтлон мөлжиж зүйл зүйлээр зовоон явсан гэм учир улмаар ихдэж үнэхээр тэсэж чадахгүй болсон учир бидний тайж ард нар, нэр холбож бүгд дөчин дөрвөн хэргийг зүйл жагсааж мэдүүлсэн бичгийн тухайд засаг Маньбазар мэдээд сумын газраас шүүрэн булаан авч хязгаарын сайдын яаманд хүргүүлсэн нь тэрхүү сайдын газраас уг бичгийг хүлээн авсангүй хойш эргүүлэн гагцхүү хэргийн учир маш хүндийн тулд түүгээр зохих газар мэдүүлэн явуулжээ. Өчүүхэн нарын энэ хэргийг анх хязгаарын хэргийг шийтгэх сайдын хөнгөн хэргийг хүнд болгож хүнд хэргийг халдаасан засагт цааз хууль үзүүлсэнгүй бүрхэгдүүлэн дарангуйлж чингэж мушгихад хүрсэн хэргийг дээд газраас Улиастайн сайдад тушааж хуралдуулан шүүн шийтгэхэд жинхэнэ гэрчийн этгээдийг шууд хасаж Аюуш миний биед хүнд эрүү тулгаж дэмий чирэгдүүлэн зовоосон нь аливаа хэргийг гагцхүү гэрч мөрийг баримталж баг хагалбар болгон шийтгэн дуусгахаар ирсэн нь ийнхүү мугуйдаар мушгигдсан учир ийм бөгөөд энэ бол тулгар төрийг тогтоож судар тарнийн ёсыг дэлгэрүүлж шажин амьтан бид бүхнийг жолоодон авч, ийм ёс дүрийг үзүүлсэн.
Богд лам эзэн хааны гэгээнд халдсан маш хүнд хэрэг ер засгийг гүтгэн гүжирлэсэн зүйлгүй бөгөөд Аюуш би ламын тангарагаас айхын тулд энэ биеийн яс өвдөж мах тасравч өвчсөн үнэн өчгийг буцаахгүй дуусгана. Бид нар энэ хэргийг даварч гэдрэг тэмцэхийг хичээсэнгүй, хэрэгт мушгигдаж хэргийн үнэн мөнийг олохыг шүтэж аймаг хушуунаас нуун оргож их яамны газар бараалхаж өргөдөл бичиж сөгдөн мөргөсөн хэрэг ийм билээ. Хүсэх нь гэрчийн этгээдийг уг хэрэгт бүртгэн оруулж лавлалтай үнэнийг авч нийслэл Хүрээний газар бүрдэл болгон хэргийн дуусгаврыг үзүүлэхийг хүснэ. Засаг Маньбазар бол доод олон ард нарыг жил дараалан дарлаж мөлжин авсан эд юмыг уг эзэнд эгүүлэн олгох буюу эсвэл ёс удаагаар албан яамын газар тооны ёсоор хураан авч албанд оруулах ёсонд нийлүүлж бас засаг түүний харьяат хүний захирах олон ардаас мөлжин авч эд ашгийг хичээсэн нь мөн хөнгөнгүй боловуу... бас дөчин дөрвөн зүйл хэргийн бичгийн хойно жагсаан бичсэн явдлыг хэргийн урьд хамтаар батлан мэдүүлж үүний тул өргөв.
Олноо өргөгдсөний долдугаар (1917) он зургаан сарын хорин гурван.
Жагсаал
1. Нэгэн зүйл. Засаг, Холам зэрэг газарт нэгэн их байшин хашаа бариулж харьяат хушууны тайж ард цөмийг Төмрийн нутгаас зуун хомтой тэмээгээр ачиж буулгав. Тэмээний хомыг засаг хураан авав.
2. Нэгэн зүйл. Манай хушууны цөөн тайж бий дотор албан туслах тайж цөөхөн, албан үзэхэд тал хувийн мал байтугай сум ардын адил нэгэн ардад нэгэн амд нэгэн малгүй бий бүхий малаар албанд зүтгүүлж бий.
3. Нэгэн зүйл. Тайж хамжлагыг харилцан тэнхрүүлэх байтугай засаг ганцаараа зарцална.
4. Нэгэн зүйл. Тайж Зана, Бэгз, Жанцан нар бол цөм албан туслах чинээ бүхий улс, харин албан туслах байтугай сумын тайжийн хамжлага цөм бүхнийг зарцална.
5. Нэгэн зүйл. Тогтоолын эсгий гэж жил бүр жараадыг нийгэмчлэн гаргаж татаж авна.
6. Нэгэн зүйл. Засаг, эцэг хөвүүд нэгэн цагт лам хар, эр эм хүн зарцална. Үүнийг нэгэн жилийн арван хоёр сарын хөлс нэг мянган хоёр зуун ланд даалимба цайны зэрэг тоймтой сайн бараа авна.
7. Нэгэн зүйл. Хачингаас цэцэг нуурын зүүн баруун хоёр Бурхантаас үүсгэн Их Богдоос цааш Улаан-хайрхан ба бээс Жанцан-гомбодоржийн нутгийн сав хүртэл цөмийг цагдаж засгийн дөрвөн зүйлийн мал идэшлүүлэн нутаглуулж бусад албаны малын данс бүхий тайж ард нарыг цагдаж нутаглах нутаг огтгүй болов.
8. Нэгэн зүйл. Орос (худалдаачин ) Александр нарын зэрэг гурван орос хүн, манай хушууны лам Дорги, Сосоржав нарын гэр барааг эвдэж, биесийг гэмтээж хэрэг гаргасныг туслагч Чогсомжав, занги Дагдан нар харьяат тамгын газар бичиг шийтгэн мэдүүлсэнд харин засгаас занги Дагданг байцааж орос хүн хэрэг гаргаж хүн алах, гэр бараа эвдэх огт хамаагүй харин өчүүхэн доод хүн харьяат газар бичиг мэдүүлсэн нь харин ёст учир нийлэлцсэнгүй, шийтгэнэ гэж зандарсан
9. Нэгэн зүйл. Александраас далан нэгэн тэмээний жинг Шавилан хотонд тээхэд тэмээ нэг бүр мөнгө арван нэгэн лаа бүгд долоон зуун наян нэгэн ланг цөм хураан аваад бас жинд явсан арван нэгэн хүн, арван нэгэн тэмээ унасан эдний хүнсний хонь дөчин дөрөв, уулгын цай арван нэг, барьсан майхны үнэ гучин зургаан ланг цөм нийгэмчлэн гаргаж өгч явуулсан боловч ирсэн хойно энэ наян хоёр тэмээг бүрэн хомтой цөмийг засаг хураан авсан, жингийн даамал гэж явсан тайж Очирыг хушуунд тэмээг тарааж өгөв гэж хөл мориор торгож эрүү шаахай тулгаж алахад хүргэж хөлс мөнгийг албанд зарсан зүйлгүйд бидний хэдэн тайж ард нар энэ тэмээ мөнгийг дэмий нэхэхийг завдахад засаг хүчээр дарлаж эрүү шаахай тулгаж басхүү давхардуулан цөмийг таваад есийн мал торгож шийтгүүлсэн нь олны нүдний өмнө тодорхой бүхий хэрэг.
10. Нэгэн зүйл. Улиастай хотыг сэргийлсэн цэргийг бууж ирсэний хойно хүн нэг бүрээс хоёр лан, морь нэг бүрээс дөрвөн лан, тэмээ бүрээс найман лан хураан аваад ер албанд зарсан зүйлгүй.
11. Нэгэн зүйл. Засаг эцэг хөвүүдийн эмнэг адууг сургахад жил бүр жараад хүн албаар гаргаж сургахад тэрхүү адууны амийг дааж сүйтгэвэл хорин таван лангаар төлүүлэн авч чирэгдүүлдэг.
12. Нэгэн зүйл. Зах найман өртөөнд гурван дансны албан хаасан ардуудаас мөнгө хоёр зуун лан, булга нэг, булигаар нэгийг авч мэрээн Бэгз, засаг нар авч нийлж идсэн.
13. Нэгэн зүйл. Хүрээнд засаг, амь хувийн жин тээж явахад харьяат хушуунаас арван хоёр тэмээ албачлан гаргаж авч нэгэн тэмээ дутсаны учирт хөлс гэж тайж Гомбожавын хээлтэй залуу ингэ тэмээ нэгийг барин авч идсэн.
14. Нэгэн зүйл. Орос Андрьд засаг хувиас долоон зуун лан мөнгө зээлэн өгч, орос хураагдаж, төлөх хогшилгүй болоход харьяат хушуунаас нийгэмчэн гаргаж долоон зуун лан авч сүйтгэж идэв.
15. Нэгэн зүйл. Сэрээнэнгийн төлөх өр долоон зуун лан, авах өр дөрвөн зуун лан авах өрийг ог хэрэгссэнгүй, төлөх өрийг ураг садан нар төлөв. Санаатайгаар хугацаа хэмжээгүй хагархай модоор хавчиж алав.
16. Нэгэн зүйл. Өнцийн сумын албан хаасан Занданг хяхуугаар халах, занги Дорлигжав, долоон цэрэгтэй Гурван бүрэн төмөр авч очиход тус захирлын газар мэдүүлж Улаан Хужиртын нэгэн өрхийг нэмэн авч хааж түр амийг аргалж өнгөрүүлэв.
17. Нэгэн зүйл. Хамжлагын мээрэн Дондогийг суманд оруулж сумны ардын Эрдэнэ, Дансран нарын зэрэг хэдэн хүнийг засаг өөрийн хамжлаганд авсан.
18. Нэгэн зүйл. Зургаан сарын эцэст Чуулганы дарга таны газраас улаа шүүс илүүл хэрэглэсэн зүйлгүй гэж мэдүүлсээр бүхий хэрэг байтал засаг, амин хувийн ажилд хэрэглэсэн улаа малын тоо ер үлэмж хэтэрхий чирэгдүүлсэн.
19. Нэгэн зүйл. Харьяат нутгийн доторхи тайж ард нарыг гадагш хэрэн хэсэж явуулахгүй, хэрэн хэсэж явагчдыг халган агуулахгүйг дүрэм болгон тушаасаар хэрэг атал огт хэрэгсэхгүй хуулиар хавчиж оргуулсан лам хар эр эм хүн тавин тав.
20. Нэгэн зүйл. Далай лам таны улааны тэгшийн ацагт Да түшээ гүн таны хушуунаас авсан морь тэмээ, бас Довдоржийн хушуунаас дансанд авсан бараа, гүн Гончигдамбын хушуунаас Алтан харуулын ацагт авсан морьд цөмийг засаг авч ашиглав.
21. Нэгэн зүйл. Жил бүр зургаан үхрийн өвсийг нийгэмчлэн гаргаж түүний үнэ гэж нэг бүр хоёр хонь, хоёр цай авч ашиглав.
22. Нэгэн зүйл. Бадруулт төрийн хорин ес (1917) онд манай бие боловсорсон гэж худал мэдүүлж дэд Чуулганы даргын тушаал булаалдах санаа агуулж Бээжинд явахад хэрэглэсэн бүрэн хом татлагатай сонгодог атан тэмээ гучин тав, хэрэглэлийн иргэ, эм хонь, цай, гурил, будаа үлэмж их хэрэглэсэн.
23. Нэгэн зүйл. Бээжинд явж, иргэн Лоороос авсан эх мөнгө чухам хичнээн хэд болохыг мэдэхгүй иргэний өрийг гучдугаар (1905) оноос эхлэн одоо хүртэл жил бүрийн мянга хэдэн зуун лан өгч ийнхүү үржилтэй өрд чирэгдүүлэв.
24. Нэгэн зүйл. Хөх хот дээр иргэн Цагаандай, Халтар-бат нарын пүүснээс бүрэн хомтой атан тэмээ тавийг авч үүний үнийг үүгээр харьяат хушуунаас гаргаж иргэн Цагаандайд төлсөн нэгэн мянган найман зуун лан, иргэн Халтар-батад төлсөн нэгэн мянга хоёр зуун лан, тэрхүү авсан тэмээнд Хөх хотоос жин тээж Ховдод буулгасан хөлс мөнгө ба тэмээ цөмийг засаг авч ашиглав.
25. Нэгэн зүйл. Харьяат хушуунаас дахин гучин тэмээ гаргаж Да Хүрээнд хүртэл амин хувийн жин тээсэн засгийг угтаж чирэгдүүлсэн явагчдын хүнс хонь, цай, будаа, гурил үнэхээр үлэмж хэрэглэсэн.
26. Нэгэн зүйл. Засаг эцэг хөвүүдийн арван есөн суурь хоньдыг харьяат хушууны чинээтэйг сонгон үзэж адуулгаж албаны данс бага хөнгөвчилж сүйдсэн тэмдгийг зуун хонинд арван тэмдэг авах дүрэм тогтоож үлдсэн тэмдэг хогшлыг мөлжиж авч хоног алдуулсан хоосон ядуу хүн мөн хэд бий.
27. Нэгэн зүйл. Манай хошуунд Хөх хотын иргэн Цагаандай, Халтар-бат нарыг суурин байгуулж суулгаад үүний худалдах барааг засаг өөрийн хувьд хямд үнээр аваад хөгшин морь гүүг хорин ланд өгч авдаг, харьяат хушуунд жишиг тогтов гэж иргэний амаар бичиг шийтгэж тушаадаг.
28. Энэ иргэчүүдийн төдийгүй зүйл бүрийн хоргодон суусан орос иргэчүүд нар засаг хувьсган өөрийн биедээ хямд үнээр мөнгө юмыг аваад харьяат хушуунд түүний дураар худалдаа хийлгэж, элч түшмэлийг мордуулж юу хэлсэн амаар мөлжин өгч чухам үнэн мөнийг олохгүй шүүж алахад хүргүүлж гэр барааг эвдэж өгөөд төрөл саданг мөлжин тонож өгнө.
29. Нэгэн зүйл. Манай цогчин жас гурван түмэн хоньтой болж харьяат хушууны олон тайж ард нар адуулж албаныг залгамжлуулж, амийг тээж явсан, ойроос засаг ганцаараа иргэн Цагаандай, Халтар-бат нарт мөнгөнөөс худалдаж тэрүү хонь барагдав.
30. Нэгэн зүйл. Аймгийн ихэс ба ноёд хуралдан цуглаж элдэв албаны хэргийг тэгшитгэн шийтэгж тушаасан хэргийг ихэстэй албаар дарлав гэж жанжин сайдын газар мэдүүлж мөнгө тавин ланг бэлэн хүргүүлж, дараа нэг мянган лан мөнгө өхөөр дагалт Сайн-баяр, тайж Гончиг нарыг зарж явуулсан.
31. Нэгэн зүйл. Засгийн гэргий өвдсөн учирт Жалханз гэгээн танаас аврал эрэхээр одох ба олон газраас эмч залахад харьяат хушуунаас хэрэглэсэн тэмээ гуч, морь гурав, хүнсний хонь долоо, цай тавыг хэрэглэж албанд дарагдсан тайж ардыг сүйтгэв.
32. Нэгэн зүйл. Зүүн гарын үржил тэмээнээс унаж сүйдсэнийг сэлбэн нөхөхөөр тушаасан тэмээ гучин есийг харьяат хушуунд нийгэмчлэн гаргаж сонгодог сайныг татан цуглуулж засаг өөрөө эдэлж эцээж сүйтгүүлсэн тэмээ ес, мөн сольж авсан тэмээ хоёр.
33. Нэгэн зүйл. Хар Түмэнжаргалын зэрэг гурван өрхийг түүний чинэээнээс хэтэрхий үлэмж албанд хяхаж тушаасанд арга мохож оргон явжээ. Түүнийг нэхэж явсан цагдаа Амгалангийн зэрэг дөрвөн хүн тэдний улсыг олж биеийг төмөрлөж хаяад уналга ачлагын тэмээг цөм хураан авсан, энд үлдсэн гэр хөрөнгийг мөн хураан авч сүйтгэв.
34. Нэгэн зүйл. Бид нарын биесийг төмөрлөж хадгалж, аж хогшил хөрөнгөнөөс мээрэн Бэгз, занги Жамьяан нарын дайчлан хураан авсан бүрэн хомтой тэмээ гучин хоёр, морь хорин дөрөв, иргэ хонь гучин долоо, төлөг эм хонь далан долоо, цай жаран хоёр, шар будаа арван таван тогоо, гурил гурван зуун жаран таван жин, сэрхэн ямаа дөчин гурав.
35. Нэгэн зүйл. Энэхүү иргэний хогийн хэрэгт явсан захирагч Лүхэрийн хэлсэн нь, энэ зуугаад улсын дотроос тавин хүний амийг авч үзсэн гэж хэлснийг үзвэл үлдэх нэг зуун илүү хүний амийг чухам яаж болгохыг олноор олж хүртэхийг хүснэ.
36. Нэгэн зүйл. Бадруулт төрийн 15 дугаар (1889) оноос нааш хүртэл иргэн орос нараас дангаар унгасаар мөнгө авч олон тайж ард нарыг гэр хогшлоос салгаж дарж торгож үхүүлэхэд хүргүүлэв. Энэхүү авсан мөнгийг албанаар дашуурч засаг, захирагч Лүхэр нар нийлж ашиглав.
37. Нэгэн зүйл. Хууль ёсны хонь гэж олон тайж ард нараас нийгэмчлэн гаргаж татаж авна.
38. Нэгэн зүйл. Гүндэн гэгээн таныг залж мөн хушууны мөнгө өргөж харьяат нутгийн зах дайруулан тавь гэсэн долоо бумба бүтээж хайрласныг туслагч Чогсом, Холомд барьсан хашаа тойруулан булав. Бусад газар цөм хуучин ган гачиг болов.
39. Нэгэн зүйл. Иргэн Орлой хар гэдэг Түмэнжаргалын нэг морь Цэцэг нуурын зэрэг газар шидэмсэн тушаатай явав гэж тайж Сономыг унасан гэж худлаар гүтгүүлэн мэдүүлж харьяа жасаа түшмэл нарыг муу үгээр дайран хэлсэн учирт тайж Гомбожав би дэмий хамсах төдийд минь нэгэн морийг барин авч хоёр сар унаж намайг жанчсаныг Гомбожав би тэмцэн мэдүүлсэнд морийг хөлсгүй үрэгдүүлж иргэн хүнтэй тэмцсэн зүй бус гэж нэгэн ес торгож шийтгэсэн, гүтгүүлэн мэдүүлсэн иргэний амаар тайж Сономыг таван цайгаар торгож иргэн Түмэнжаргалд олгосон.
40. Нэгэн зүйл. Иргэн Бахуут гэдэг шажны юм алдав гэсэн хэрэгт сэжиглэгдэн байсан Дамбэлийн хүү Жүгдэрийг хэтэрхий шүүж үхүүлсэн мээрэн Балсан, занги Бэгэнтэй нартай эцэг Дамбэл тэмцсэн учирт Балсан, Бэгэнтэй харыг үе улиран албаны хэрэг шийтгүүлэхгүй болгон дансанд тэмдэглүүлжээ. Харин засаг түүний хүү Бэгз, Дондог нарыг суман түшмэл тавьсан.
41. Нэгэн зүйл. Засгийн цагдсан нутагт нутагласан учир торгож шийтгүүлсэн Жандалын морь нэг, Дамдингийн монгол үнээ нэг, бага Халтарын сарлагийн шар нэг эдгээрийг хураан авсан.
42. Нэгэн зүйл. Ноднин намар үржүүлэх хонинд харьяат хушуунаас эр эм жаран хонь татан цуглуулж авч ашиглаж мөн хавар цаг дахин жаран хонь гаргаж татан авч өгсөн.
43. Нэгэн зүйл. Орос Мухлайн пүүснээс есөн зуун лан мөнгө авч үнэд хорин тахийн унага барьж өхөд харьяат хушуунаас барих хүн, хурдан морь уналга, хүнс унага хөхүүлэх гүү цөмийг гаргаж бариулсан үнэ мөнгийг ашиглан идсэн.
44. Нэгэн зүйл. Сартуул бээсийн хушууны хэрэн явсан тайж Чулуун гэдэг Намсрай иргэн Баян-доржийн эд юмыг хулгайлан авсан хулгай Намсрай уул хушуунд хүргүүлж чирэгдэл сүйтгэлийг төлүүлэх байтал Засгийн ач болох тайж Зана санаа үүсгэж сүлбэлж явуулсныг тайж Чулуун гэдэг мэдүүлэх төдийг сонсч сул тавьсан үүний чирэгдэлд Ховдын Даашинхүүгээс мянган цай, орос Мухлайн пүүснээс мөнгө таван зуун ланг авч олныг чирэгдүүлсэн тайж Занад халдсан зүйлгүй.
7 дугаар он арван сарын есөн.
Улсын архив, ард Аюушийн хувийн хэргийн хавтасны доторхи жагсаалтын 3-д бий.