БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Боловсролын ерөнхий хуулийн төслийг танилцуулах, хэлэлцүүлэх, санал авах хэлэлцүүлэг 2023.02.01-ний өдөр Төрийн ордонд тодорхой сэдвийн хүрээнд болжээ. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос зохион байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачилгаар зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын дэд хэсгийн гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон байна. Мөн хувийн хэвшлийн их, дээд болон бага, дунд сургуулиуд, цэцэрлэгийн үүсгэн байгуулагчдын холбооны төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцсон юм.
Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга “Боловсролын ерөнхий болон дагалдах хуулийн шинэчлэлийн онцлог” сэдвээр, “Стратеги академи”-ийн захирал “Улс төрийн намын үзэл баримтлал ба боловсролын бодлогын хамаарал” сэдвээр, Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүн “Монгол Улс боловсролыг сонголтгүй хувийн сургуульгүй болгох уу” сэдвээр, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга “Сурч боловсрох эрхийг баталгаажуулах нь” сэдвээр тус тус илтгэл тавижээ. Илтгэлийн дараа оролцогчид асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал бодлоо илэрхийлэн ярилцлага өрнүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/29492/