ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛСАН БАЙНА

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/540 дугаар тушаалаар “Оюутан элсүүлэх журам”-ыг баталсан.

Энэхүү журам нь Ерөнхий зүйл, Бүртгүүлэгчид тавих шаардлага, Элсэлтийн ерөнхий шалгалт, Элсэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалт, Бусад гэсэн бүлгүүдээс бүрдэж байгаа бөгөөд элсэгч бүр Суралцах чадварын шалгалтыг заавал өгсөн байх шаардлага тавигдана. Харин элсэн суралцах мэргэжлийн онцлогтой уялдуулан бичгийн ажил, тест, ярилцлага, кейс дээр ажиллуулах, натюрморт зурах, сэдэвт зохиомж зурах, дуулах, бүжиглэх, хөгжимдөх, жүжиглэх, эсээ бичих, видео танилцуулга, сонсгол, хэмнэл шалгах, бие бялдрын бэлтгэгдсэн байдал, асуумж зэрэг хэлбэрээр авч, шалгуулагчийн ур чадварыг үнэлэх Ур чадварын шалгалтыг авна. Судлагдахууны 2 түвшинт шалгалт нь Байгалийн ухаан-1,2; Нийгмийн ухаан-1,2;  Англи хэл-2, Математик-2, Орос хэл-2 гэсэн түвшинтэй, тестийн хэлбэртэй байна. Харин Олон улсын англи хэлний шалгалтыг шалгуулагч өөрөө сонгон өгч болохоор зохицуулсан бөгөөд шалгуулагч тус бүр 3-аас доошгүй шалгалт өгсөн байна.

Түүнчлэн сургууль нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй мэргэжил /хөтөлбөр/-ээр элсэлт авсан, элсүүлэх мэргэжил /хөтөлбөр/-ийн нэрийг өөрчлөн зарласан, эсхүл тухайн мэргэжил /хөтөлбөр/-ийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго онооны шаардлага хангаагүй элсэгчийг элсүүлсэн байх тохиолдолд сургуулийн тухайн хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр зохицуулсан байна.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758323938171