ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Монгол Улсын Их хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Монгол Улсын төрийн албаны зөвлөл санаачилан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2023.03.22/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Төрийн албыг бэхжүүлэх төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдад хүлээлгэх хариуцлагыг чангатгах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлж “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулан, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан зэрэг эрх зүйн баримт бичгүүд нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулах Хууль зүйн үндэслэл болж байна хэмээн УИХ-ын гишүүн, УИХ-ын Ес зүй, сахилга, хариуцлагын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ онцолсон юм.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх мэдээллээр хангах чиглэлээр УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрийн холбогдох албан тушаалтнууд, Төрийн албан зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Академич С.Нарангэрэл, Удирдлагын академийн захирал доктор Д.Сүрэнчимэг, Удирдлагын академийн Хууль, эрх зүйн тэнхимийн багш доктор, А.Алтанзул, МУИС-ийн зөвлөх профессор Р.Дарьхүү, МУИС-ын багш дэд профессор Д.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсгээс эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг Төрийн ордонд нэг удаа зохион байгуулсан бол хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг ийнхүү хийж байгаа юм.
Энэхүү хуулийн төсөлд төрийн албан хаагчийн баримтлах 6 үндсэн зарчмыг тодорхойлжээ. Тухайлбал, хүнлэг энэрэнгүй байх, төрт ёс, хуулийн дээдлэх, бүх иргэнд тэгш үйлчлэх, шударга ёсыг сахин баримтлах, хариуцлагатай байх, хамт олонч байх зарчмыг оруулсан байна. Эдгээр зарчим нийтлэг хэм хэмжээ болж хуульд тусаж байгаа хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/29748/