МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТАЛААР
Монгол Улсын Их хурлын 2015 оны Намрын чуулган 10-р сарын 01-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд энэ намрын чуулганаар 27 асуудлыг хэлэлцэхээр баталжээ.
Үүнд:
1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
2. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3. Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
4. Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
5. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
7. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
9. Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
11. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
13. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
15. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
16. Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
17. Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
18. Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
19. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
20. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
21. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
22. Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
23. Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
24. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
25. Органик хүнсний тухай хуулийн төсөл;
26. Хог хаягдлын тухай хуулийн төсөл;
27. Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл.
Энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлаас хамгийн их анхаарал татаж байгаа асуудал нь Монгол Улсын 2016 оны төсөв, мөнгөний бодлогыг батлах хэлэлцээ юм. Ирэх 2016 онд уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлснээр төсвийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэж тооцож 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох тусгай шаардлагыг баримтлан, уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлогыг төлөвлөхдөө төсвийн орлогод ихээхэн нөлөө үзүүлдэг гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийг олон жилийн дундаж үнэ болох тэнцвэржүүлсэн үнээр тооцож, тэнцвэржүүлсэн үнээс давсан хэсгийг Тогтворжуулалтын санд төвлөрүүлэх замаар тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх зарчмыг баримтлахаар болжээ. Энэхүү хуулийн төсөл нь 4 бүлэг, 20 зүйл 4 хавсралттай байх бөгөөд Улсын Их Хурал төсвийн төслийг хэлэлцэн тухайн жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор батлахаар хуулинд тусгасан байдаг.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 10-р сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны “Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиудын төслийг Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн хэлэлцэх асуудлыг тов, дарааллыг харгалзахгүйгээр нэн яаралтай хэлэлцүүлэхийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд үүрэг болгосон байна.