ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023.04.11-ний өдрийн хуралдаан 14 цаг 49 минутад, гишүүдийн 63.2 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуралдааны төгсгөлд “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Уг тогтоолын төсөлд Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгасантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлэх, уг сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хугацаа хэтэрсэн өр, авлагыг ангилж, улсын төсөвт төлөх өр төлбөрийг 2024 онд багтаан төлж барагдуулах үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах арга хэмжээ авахыг тусгасан байв. Мөн хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулан тариаланчдад үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг агро-технологийн хугацаанд нь цаг алдалгүй хэвийн явуулах нөхцөлийг хангах, “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн засаглалыг төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх хүрээнд газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийн болон мэргэжлийн холбоодын оролцоог хангасан олон нийтэд нээлттэй компани болгох арга хэмжээг үе шаттай зохион байгуулах, “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн хуулийн этгээдтэй өрсөлдөхгүй байх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тус тус тусгажээ.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/29886/