ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар буюу 2023 оны 04-р сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтсон.
Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг нар тус тус танилцуулсан юм. Тиймээс 2023-04-07-ны өдрийн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцжээ.
Улсын Их Хулын гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан саналаа хэлсэн. Тус өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 45 гишүүний 31 нь буюу 68.9 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: parliament.mn