УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

   Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы /2023.04.20/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
   Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуулийн төслийн талаар танилцууллаа. Тэрбээр, тус хуулийг боловсруулах үйл явц, хуулийг боловсруулах шаардлага хийгээд төслийг боловсруулахад хэрхэн ажилласан талаараа танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021-2027 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар захирамжаар байгуулсан. Уг ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллийг хангасан олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага хийсний зэрэгцээ хуулийн төслийн талаарх санал авахаар Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх намуудад 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр илгээж хуулийн төсөлд Улсын Их Хурал суудал бүхий бүх намуудаас болон бусад улс төрийн намуудын саналыг авсан талаар танилцуулаад Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан  зарчмын шинжтэй өөрчлөлтийн талаар  илтгэсэн юм. Эцэст нь хуулийн төсөл батлагдсанаар улстөрийн намын эрх зүйн орчин сайжирч энэ хүрээнд гарах үр дүнг танилцуулж, улмаар  улс төрийн намын шинэтгэлийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын үндэс болсон иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө баталгаажиж, намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшин бууруулахад эерэг үр дүн авчирна гэжээ. 
   Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс