ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЗАРИМ ГИШҮҮНИЙГ ТОМИЛЖ, “ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы (2023.04.21) нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв.
Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг актуар тооцоололд үндэслэн боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй. Мөн эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үйл ажиллагааны болон удирдлагын зардлыг хянах, үнэлэлт, дүгнэлт өгөх; эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлдэг.
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл баталдаг байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоодог байна. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах үүргийг хэрэгжүүлдэг байна. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус техникийн хороог тухайн асуудлаар мэргэшсэн шинжээч, судлаач, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, даатгуулагчийн оролцоотой байгуулж, ажиллах журмыг батлах, холбогдох шийдвэрийг техникийн хорооны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн гаргах, хууль тогтоомжид заасан бусад үүргийг гүйцэтгэдэг байна.
Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай саналыг үндэслэн Эдийн засгийн байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хамтран боловсруулсан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3 дахь хэсгийг үндэслэн уг асуудлыг дахин хэлэлцүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, холбогдох Байнгын хороонд буцаасан.
Эдийн засгийн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар тус тогтоолын төслийг дахин хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн бөгөөд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс