ГАДААДЫН ИРГЭНИЙГ УРЬСАН УРИГЧИЙН ҮҮРЭГ
2023 оны нэгдүгээр улирлын байдлаар, уригч байгууллага нь гадаадын иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил 784, визийн байх хугацааг хэтрүүлсэн 215, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй 199 зөрчил гэх нийт 1510 зөрчлийг илрүүлэн шалгасан байна.
Энэхүү зөрчлийг гаргаж буй шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийвэл бусад төрийн байгууллагаас олгодог хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, Эдийн засгийн хөгжлийн яамнаас олгодог хөрөнгө оруулагчийн тодорхойлолтыг цаг хугацаанд нь аваагүйгээс Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хүсэлтээ гаргаж чадахгүй байдалд орох, улмаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан албадан гаргах нөхцөлийг хангаж байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл уригч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхгүй буюу уригчийн үүрэг нь урьсан гадаадын иргэнээ улсын хилээр гаргаснаар дуусгавар болдог гэдгийг анхааруулжээ.
Гадаадын иргэнийг урьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь хасалт хийлгэснээр л уригчийн үүрэг дуусгавар болсон гэж ойлгож болохгүй юм. Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2-т “....торгох шийтгэлийн хэмжээ нь хуулийн этгээдэд 100-200`000 торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна” гэж заасан. Харин зөрчлөө шийдвэрлүүлэхээс зайлсхийвэл 200 сая төгрөгөөр торгох хүртэл үргэлжлэх боломжтой байна.
Харин гадаадын иргэн, түүний уригчийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар торгох шийтгэл оногдуулдаг. Энэ бол зөвхөн виз, бүртгэл, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зөрчилд л хамаарах хуулийн заалт юм. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Төрийн бус байгууллагын тухай хууль зөрчих (тайлан гаргаж ирүүлэх), 15.2 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах (хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэгч), 16.3 дугаар зүйлд зааснаар “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай” хууль зөрчих, 16.4 дүгээр зүйлд зааснаар “Чөлөөт бүсийн тухай хууль” зөрчсөн тус тус зөрчлүүдэд манай байгууллагын гадаадын иргэний хяналтын улсын байцаагчид торгох шийтгэл оногдуулдаг байна.
Ярилцлагын дэлгэрэнгүйг дараах холбоосоос үзнэ үү. https://immigration.gov.mn/mn/articles/274/
Эх сурвалж: Гадаадын иргэний зөрчил шалган шийдвэрлэх асуудлаар ГИХГ-ын хяналтын улсын ахлах байцаагч Н.Дуламсүрэнгийн ярилцлагаас