ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2023

   Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг 2023 оны 5-р сарын 2-ны өдөр, Д.Сүхбаатарын талбайд 10:00-17:00 хүртэл болж өндөрлөжээ. 
   “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй уг өдөрлөгт Гадаадын иргэн, харьяатын газар оролцож гадаадын иргэний виз, оршин суух зөвшөөрөл, гадаадын иргэний зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяаллын чиглэлээр зөвлөгөө мэдээллийг хүргэж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухайн хууль тогтоомжийг таниулан таниулан сурталчилжээ. 
   Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Зөрчлийн хэрэг бүртгэх газар, Бүртгэл хяналтын төв, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Төмөр зам дахь цагдаагийн газрын алба хаагчид мөн адил мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан байна. 
   Тус өдөрлөгт Хууль зүйн үндэсний хүрээлэн оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, үнэ төлбөргүй эрх зүйн анхан шатны зөвлөгөөг иргэдэд хүргэжээ.