МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 05 дугаар 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргана” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээрх заалт болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх талаар Байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцуулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулж төсөл санаачлагчаас асуулт асуух шаардлагагүй хэмээн Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд үзэв. Түүнчлэн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзлээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: https://www.parliament.mn/