“ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ БОЛОН ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх шинжилгээний ерөнхий газраас санаачлан 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, дүгнэлт гаргах аргачлалын төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулагджээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Иргэний хуулийн холбогдох нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдсэн бөгөөд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох, дүгнэлт гаргах нь шинэ төрлийн шинжилгээ юм.
Хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож, энэхүү шинжилгээг шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалын дагуу хийхэд тулгамдаж буй асуудлаар санал солилцжээ.
Тус хэлэлцүүлгээр бусад улс орны туршлага, шүүхийн практик, хуулийн хэрэгжилттэй холбогдуулан гарах үр дагавар, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцсон байна.
Эх сурвалж: https://mojha.gov.mn/