YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2015 ОНЫ 13 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

     Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа  Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсгийн “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна” гэсэн заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт “Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх” маргааныг хянан шийдвэрлэсэн билээ.

Үндсэн хуулийн цэц нь:

Иргэний хуулийн

-  171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсгийн “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс  хамаарна.”,

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн

- 27.1 дэх хэсгийн “Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй.”,

-  27.2 дахь хэсгийн “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.”,

- 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааны дотор гуравдагч этгээдэд барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй.”,

-30.3 дэх хэсгийн “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.”,

- 30.4 дэх хэсгийн “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.”,

- 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй.”,

          - 56 дугаар зүйлийг 56.1 дэх хэсгийн “Барьцаалуулагч нь газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр барьцаалуулсан газар дээр барилга байгууламж барих эрхтэй бөгөөд барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаа нь тухайн барилга байгууламжид үл хамаарна.” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй”  гэснийг зөрчсөн байна гэж хянан шийдвэрлэсэн.

     Иймээс Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтуудын холбогдох хэсгийн үйлчлэлийг  2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

    Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бөгөөд одоо Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа уг маргааныг хэлэлцэн Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана.

     Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болдог.

Үр дагаврын хувьд:

1. Үл хөдлөх хөрөнгийг давхар барьцаалсан тохиолдолд барьцаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Иймээс барьцаанд буй үл хөдлөх хөрөнгөө түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдад шилжүүлэх боломжтой байна.

2. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд давхар барьцаалахыг хориглосон тухай зохицуулалт оруулах нь нээлттэй.

3. Хэрэв давхар барьцаалсан тохиолдолд барьцаа үүссэн дарааллаар өөрсдийн шаардлагаа хангуулах эрхтэй.

4. Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн дагуу барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд уг журмыг зөрчсөн тохиолдолд барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна.

5. Иймээс түдгэлзсэн хуулийн зүйл, заалтуудын дагуу зохицуулсан гэрээний тухайн заалт хүчин төгөлдөр бус учраас гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж зохицуулахаар байна.