ДОНОРЫН ТУХАЙ
Монгол Улсын их хурлаас 2000 оны 01-р сарын 28-ний өдөр “Донорын тухай” хуулийг баталсан бөгөөд 2000 оны 02-р сарын 28-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм. Уг хуулиар бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахын тулд хүмүүнлэг сэтгэлээр сайн дураараа цус, эд эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, амьд болон амьгүй донорын эд, эрхтэнг шилжүүлэн суулгах зорилгоор авах, цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, донорын үйлсийг сурталчлах, түүнд иргэдийг татан оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.
Донорт тавигдах шаардлага
- Өөрийн эрүүл мэндийн байдал, донорын шаардлагад харшлах гаж зуршлуудыг үнэн зөвөөр мэдэгдэх;
- Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон донор сонголтын заавартай танилцаж, зөвшөөрлөө бичгээр өгөх;
- Өөрийн эрүүл мэндэд байнга анхаарал тавьж шаардлагатай үзлэг, шинжилгээнд тогтоосон хугацаанд хамрагдах;
- Донорын эрүүл мэндэд шаардлагатай үзлэг шинжилгээний төрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
Цусны донорт тавигдах ерөнхий шаардлага.
- 18-50 насны
- 45 кг-аас дээш жинтэй
- Элдэв өвчин эмгэггүй, аль ч бүлгийн цустай эрүүл бол донор байж болно.
Цус өгөхийн өмнө юуг анхаарах вэ?
- Урьд өдөр нь сайн унтаж амрах
- Хувийн ариун цэвэр сайн сахих
- Өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
- Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн ууна.
- Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс хэрэглэнэ.
Дор дурдсан шалтгаанаар түр зуур цусаа өгөхгvй байж болно.
- Шивээс хийлгэсэн, чихээ цоолсон, эмчилгээ хийлгэж байгаа бол
- Жирэмсэн ба хөхүүл бол
- Мэс засал хийлгэсэн бол
- Аспирин, антибиотик хэрэглэж байгаа бол
- Согтууруулах ундаа хэрэглэсэн бол
- Салхин цэцэг, улаан бурхан зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн бол
Дараах тохиолдолд донор болохыг хориглоно.
- Та сүрьеэ, тэмбүү В, С гепатитаар өвдсөн
- Зүрх, бөөр, уушги, элэг, сэтгэц, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдтэй
- Нян бактери, вирус тээгч бол
- Архаг архичин, мансуурах донтой, биеэ үнэлэгч, бэлгийн гаж зуршилтай хүн
- Цус гоожимтгой, цус цусны эргэлтийн эмгэгтэй хүн
- Хорт хавдартай болох нь тогтоогдсон хүн
Цус өгөлтийн хоорондын хугацаа
Өмнөх удаа цусаа өгөх үед эмчийн үзлэг, шинжилгээгээр тэнцсэн тохиолдолд эрэгтэй хүн 2, эмэгтэй хүн 3 сарын дараа дахин цусаа бэлэглэж болно.
Донорын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
Донор нь бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан цус, эд эрхтнээ өгөхдөө ашгийн төлөө ашиг орлогын эх үүсвэр болгосон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин, албан тушаалтныг таваас зургаа дахин, аж ахуйн нэгж байгууллагыг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
18 хүртэлх насны хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цус авахдаа өөрийн болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс бичгээр зөвшөөрөл аваагүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
Донорын цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх ажилбарыг эрүүл мэндийн шаардлага хангасан нөхцөлд аваагүй тохиолдолд албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 30-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
Ашиг олох зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн экспортолж, импортолсон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
Донороос цус, цусан бүтээгдэхүүн эд эрхтэн сэлбэх шилжүүлэн суулгахад насанд хүрээгүй этгээдийн эцэг эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийн бичгийн зөвшөөрөлгүйгээр цус цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн шилжүүлсэн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.