“ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН 2023 ОНЫ 23 ДУГААР ХЭВЛЭН НИЙТЛЭГДЛЭЭ
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд уг тогтоолоор Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцээд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр дараах асуудалд анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. Үүнд: 1/Халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар, 2/Хүүхдийн эрхийн талаар, 3/Ахмад настны эрхийн хэрэгжилтийн талаар, 4/Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар, 5/Бусад асуудлын талаар.
Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт нийтлэгдсэн Дүрэм батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар Хөдөлмөрийн арбитрын дүрмийг баталсан байна. Арбитр нь үйл ажиллагаандаа хөдөлмөрийн болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийг удирдлага болгох бөгөөд Хөдөлмөрийн арбитрын үйл ажиллагааны зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн заасан хөдөлмөрийн сонирхлын маргааныг мөн хуулийн 151 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэхэд орших юм байна.
Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг нийтэлсэн байна.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/30460/