УИХ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ШҮҮХИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2023.06.27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны төсвийн төслийн талаар хэлэлцжээ.
УИХ-аас 2021 онд шинэчлэн батласан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүх хууль тайлбарлах болон хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, онол практикын судалгаа, шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргах зэрэг үүргийг хүлээж, үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт орсон. Үндсэн хуульд заасан шүүн таслах ажиллагааны болон шүүн таслах ажиллагаанаас бусад чиг үүргүүдийг хэрэгжүүлэхэд хэвийн нөхцөлийг хангах, нийт шүүхийн системийн сургалт, судалгаа, мэдээллийн үйл ажиллагааг эрхлэн хариуцдаг Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн үйл ажиллагааны төсөв ирэх оны төсвийн төсөлд багтжээ.
Улсын дээд шүүх 2021 онд 4118 хэрэг, 2022 онд 4490 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүхээс Үндсэн хуулиас бусад хуулийн тайлбар батлах үйл ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд 12 хуулийн албан ёсны тайлбарыг баталжээ.
Шүүхийн шийдвэрийг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарладаг болсонтой холбоотойгоор шүүгч 3 хүртэл судлаач туслахтай байхаар хуульд заасан. Энэ хүний нөөцийг бүрдүүлэхэд тавигдах шаардлага өндөр, судалгаа, шинжилгээний хийх туршлагатай боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах дэд бүтэц хэрэгтэй гэдгийг хэллээ. Улсын дээд шүүхийн шүүгчдийн судлаач туслахууд өнгөрсөн хугацаанд 160 гаруй судалгаа хийсэн байна. Монгол Улсын хэмжээнд 800 мянга гаруй шүүхийн шийдвэр, төстэй тохиолдуудыг судлах шаардлагын талаар мэдээлэл өгсөн. Иймд цахимжилт, технологиийн шинэчлэлийг нэвтрүүлэхээр холбогдох төслийг боловсруулсан байна. Одоогоор олон улсын байгууллагад төслийн саналаа хүргүүлсэн бөгөөд улсын төсөвт тусгаагүй байна. Тус байгууллагын нийт төсвийн 71 хувийг цалин, хөлс, нийгмийн даатгалын зардал эзэлж байгаа бол үлдсэн хувийг ашиглалт, урсгал засвар, томилолт, төлбөр хураамж гэх зэрэг бусад зардлууд эзэлж байгаа гэжээ. Ирэх оны төсвийн төсөл дээр тусгагдсан онцлог төлөвлөлт гэвэл Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн шинэчлэн байгуулагдаад 50 хувийн орон тоотой ажиллаж байсныг 2024 онд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөсөн байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд төсвийн тус төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлжээ.
Эх сурвалж : https://www.judcouncil.mn/site/news_full/13164