ДЭЭД, ДУНД, МЭРГЭЖЛИЙН БОЛОН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

   Улсын Их Хурлын чуулганы 2023.06.30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 
Хуулийн төслүүдийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар зүйл нэг бүрээр хэлэлцсэнийг дурдаад, дээд боловсролын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрдмийн зөвлөл, хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүн, чиг үүргийг тодорхой болгох, чанарын баталгаажуулалтыг хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл, дотоод чанарын баталгаажуулалт гэсэн хэлбэрээр хийдэг байх, орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуульд ажиллаж байгаа багш, ажилтанд тогтвор суурьшилтай ажиллах боломжийг нээж өгөх, санхүүжилтын эх үүсвэрийг олон талт, үр ашигтай болгох, улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлсэн судалгааны зардлыг төрөөс санхүүжүүлэх тогтолцоог бий болгох тухай санал дүгнэлт гаргасныг дурдлаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн анагаахын сургуульд суралцаж төгсөх хугацаа бусад мэргэжлийн сургуулиудынхаас урт байдгийг хэрхэн зохицуулсан талаар асуулт асууж, санал хэлжээ. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.
   Дараа нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцээд, сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангаж, дэргэдээ гарааны компани байгуулах, үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүжүүлэх, багш, хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг дэмжих, багш бэлтгэх тогтолцоо бүрдүүлэх, мэргэжлийн багш жил бүр аж ахуйн нэгж, байгууллагад дадлага хийж ур чадвараа дээшлүүлэх, өөрийн судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүнд бий болсон бүтээл, бүтээгдэхүүний орлогоос хувь ногдол, ашиг хүртэх, бүс, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн бүтэц, үйлдвэржилт, онцлог зэрэгтэй уялдуулан сургалтын байгууллагыг төрөлжүүлэн хөгжүүлэх зэрэг зохицуулалтыг тусгах санал гаргасан байна. Мөн, иргэн гадаад, дотоодын сургалт, үйлдвэрлэл, амьдралын орчноос олж авсан мэдлэг, ур чадвараа үнэлүүлж зохих түвшний чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, диплом авч хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэх, ажлын байр, үйлдвэрлэлийн орчин болон сургалтын байгууллагыг түшиглэн хосмог, уян хатан, нээлттэй сургалтын тогтолцоог бүрдүүлэх, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын оролцоог нэмэгдүүлж, түншлэлд суурилсан тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Дээрхээс бусад зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.
   Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуугаагүй тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв. 
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс