АВТОМАШИН БАРЬЦААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

АВТОМАШИН БАРЬЦААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

     Автомашин барьцаалан зээл авах тохиолдолд хуулийн дагуу гэрээг байгуулж, хэрэгжүүлэх шаардлагын дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна.

     1. Зээл олгохдоо автомашин барьцаалах тохиолдолд иргэний хуулийн 156.1-д зааснаар барьцааны гэрээ байгуулна. Барьцааны гэрээг тээврийн хэрэгслийн өмчлөгчтэй байгуулна. Хэрэв зээл авагч иргэн хувьдаа автомашин худалдан авах зорилгоор зээл авч байгаа бол автомашиныг зээл авагчийн нэр дээр шилжүүлж, бүртгүүлсэний дараа барьцааны гэрээг байгуулна. Ингэснээр Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1-д заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу зээл авагч нь жолоочын хариуцлагын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй болно. Мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдолын шимтгэл тооцох шаардлагагүй, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх, татвар төлөх шаардалагагүй болно.

     2. Практикт автомашин барьцаалж байгаа байгууллага барьцааны автомашиныг захирал, ажилтан зэрэг хувь хүний нэр дээр шилжүүлэх явдал байдаг. Ингэснээр барьцааны гэрээ байгуулсны ач холбогдол байхгүй болдог бөгөөд энэ нь барьцаалагч барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа буруу, хууль зөрчсөн үйлдэл болно. Зээл авагч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд барьцааны хөрөнгийг худалдаж зээлийг төлөх талаар барьцаалуулагчтай тохиролцох юмуу шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл зээл авагч буюу барьцаалуулагчийн өмчлөлд байх шаардлагатай. Харин барьцааны гэрээний хугацаанд гарах эрсдлээс хамгаалахын тулд автомашиныг тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулахыг зээл авагч буюу барьцаалуулагчаас шаардах эрхтэй.

     3. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах өөр бас нэг арга байдаг нь эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу “фидуц”-ийн гэрээ юм. Энэ гэрээгээр мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг тухайлбал автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн тухайлбал, зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь эд хөрөнгийг түүнд буцаан өгөх харилцааг зохицуулдаг. Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй.

     Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авах буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.  Фидуцийн гэрээг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ашиглаж болно. Энэ тохилдолд автомашиныг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэн зээлдүүлэгч өмчлөгчөөр бүртгүүлнэ. Ингэснээр зээлдүүлэгч нь жолоочын хариуцлагын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй болно. Мөн Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдолын шимтгэл тооцох шаардалагатай ба Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх, татвар төлөх хэрэгтэй болно. Гэхдээ дээрх зардлуудыг зээлдэгчээр төлүүлэхээр фидуцийн гэрээнд тохиролцож болно.                                                                                                                            

Тайлбар:

Дээрх зөвлөмж нь одоо хэрэглэж байгаа хуулийн зохицуулалттай нийцэж байгаа бөгөөд Үүрэг хүлээгчийн хохирлоо шаардах эрх, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болох нөхцөлийн талаар нэмж ерөнхий зөвлөмж болгон бэлдлээ.