МОНГОЛЫН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА АНУ-ЫН ПАТЕНТ, БАРААНЫ ТЭМДГИЙН ГАЗАРТАЙ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Оюуны өмчийн газар болон АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичигт Монгол Улсын талаас Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан, АНУ-ын талаас АНУ-ын Патент, барааны тэмдгийн газрын дарга Катерин Видал нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд инновац, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оюуны өмчийн гүйцэтгэх үүрэг, оюуны өмчийг эзэмших, ашиглах, хамгаалахад чиглэсэн уулзалт, сургалт, семинар зохион байгуулах, оюуны өмчийг олон нийтэд сурталчлах, патент, барааны тэмдгийн шинжээчдийг сургах, харилцан туршлага, мэдээлэл солилцох зэргээр талууд ирэх таван жилийн хугацаанд хамтран ажиллана.
Дашрамд дурдахад АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн 190 гаруй улс орнуудаас хамгийн том байгууллагад тооцогддог. 13,000 гаруй албан хаагчтай, жилийн дөрвөн тэрбум гаруй ам.долларын төсөвтэйгөөр бизнес эрхлэлт, инновац, бүтээлч байдлыг урамшуулах, хамгаалахад гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг байгууллага аж.
Эх сурвалж: https://www.ipom.gov.mn/mn