ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА

   Монгол Улсын Их хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хууль батлагдсан бөгөөд энэхүү хуулийн нэг гол үзэл санаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэл санааны хохирол буюу хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, хохирлыг мөнгөн дүнгээр барагдуулах эрх зүйн үндэс юм.
   Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” болон “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталлаа.
   Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан.
   Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний зөрчигдсөн эрхийг сэргээхэд нэгэн чухал хууль зүйн үндэслэл бүрдэж байна.
   Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нь дан ганц материаллаг хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэн гаргуулдаг байсан бол өөрийн сэтгэл санаанд учирсан хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг дээрх журмын дагуу шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгож, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хохирлоо мөнгөн дүнгээр тооцуулан авах нөхцөл бүрдэж байна.