МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТАЛЖЭЭ

   Монгол Улсын Их Хурлаас Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023.07.07-ны өдөр 7 бүлэг 45 зүйлтэйгээр баталсан бөгөөд уг хуулийг 2024.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ. Дээрх хуулиар улс төрийн намын орлогын эх үүсвэрийн талаар дараах онцлог зохицуулалтыг хуульчилсан байна. Тодруулбал: Улс төрийн намын тухай хуулийн 26 дугаар зүйлд Улс төрийн намын орлогын эх үүсвэрийг дараах эх үүсвэртэй байна гэж хуульчилжээ:
1. төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;
2.гишүүний татвар;
3.хандив;
4.намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого;
5.энэ хуулиар зөвшөөрсөн бусад орлого.
   Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн нэг төрөл болох “Төрийн санхүүжилт”-ийн талаар “Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно” гэж тусгасан бөгөөд мөн зүйлийн 27.3-т “Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно” гэж заасан байна. 
   Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн нэг төрөл болох “Төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэг”-ийн талаар “Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам нь сонгуулийн бус жилд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг дараах хэлбэрээр авах эрхтэй: 
намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглах; 
намын хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх” гэж заажээ. 
   Хуулийн 32 дугаар зүйлд “Гишүүний татвар”-ын талаар зохицуулсан бөгөөд гишүүний сарын татварын хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувиас хэтрэхгүй, харин сонгуульт гишүүний сарын татварын хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байна. Мөн хуулийн 33 дугаар зүйлд “Хандив”-ын талаар зохицуулсан бөгөөд хандив нь мөнгөн болон мөнгөн бус хэлбэртэй байна, иргэний болон хуулийн этгээдийн мөнгөн хандивыг зөвхөн данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр намын дансанд хүлээн авах бөгөөд бэлэн мөнгөөр хандив авахыг хориглоно, гишүүний татвар болон хандивыг нэг харилцах дансанд байршуулна. Хуулийн 35 дугаар зүйлд “Улс төрийн намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого”-ын талаар зохицуулахдаа нам нь тухайн намтай холбоотой хэвлэл, сурталчилгааны материал болон өөрийн хөрөнгийг захиран зарцуулах замаар орлого олж болох ба үүнээс бусад аж ахуйн үйл ажиллагаанаас орлого олохыг хориглосон байна. Түүнчлэн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Энэ хуулийн 35.1-д заасны дагуу захиран зарцуулах үнэ зах зээлийн дундаж ханшаас их байвал түүнийг намд өгсөн хандивт тооцох бөгөөд түүний хэмжээ энэ хуулийн 33.6, 33.7-д зааснаас илүүгүй байна”, мөн зүйлийн 35.4-т “Намын нэг жилд өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого нь тухайн намд олгосон төрийн санхүүжилтийн 50 хувиас ихгүй байна” гэж тус тус заажээ.
 
Эх сурвалж: “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, 2023 он №33 /1281/; www.parliament.mn; www.legalinfo.mn