УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН УИХ-ААС ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛСАН БАЙНА

   Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан УИХ-аас Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2023.07.09-ний өдөр баталсан уг хуулиар Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 17.2 дугаар зүйл нэмсэн байна.  
   “... 17.2 дугаар зүйл.Улс төрийн намын тухай хууль зөрчих 
1. Нам нь Улс төрийн намын тухай хуулийн 10.1.6-д заасан хориглолтыг зөрчиж мөнгөн хөрөнгө авсан бол тухайн мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2.Нам нь Улс төрийн намын тухай хуулийн 10.1.6-д заасан хориглолтыг зөрчиж мөнгөн бус хөрөнгө, эсхүл үйлчилгээ авсан бол хууль бусаар авсан хөрөнгө, орлогыг хурааж хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Монгол Улсын иргэд нам үүсгэн байгуулахад дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцсон бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Намын хяналтын байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Нам хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан тохиолдолд түүний өмч, хөрөнгийг тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэсэн бол хүнийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 
6.Нам нь Улс төрийн намын тухай хуулийн 26.1-д заасан орлогыг банкны нэг дансаар хүлээн аваагүй бол тухайн орлогын мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 
7. Нам нь иргэний болон хуулийн этгээдийн хандивыг бэлэн мөнгөөр хүлээн авсан бол тухайн мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 
8.Нам нь нэг жилд нэг иргэн, хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээг хуульд зааснаас хэтрүүлэн авсан бол тухайн хандивын мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 
9.Намаас бусад хуулийн этгээд нам гэсэн оноосон нэр хэрэглэсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ...”-оор хуульд нэмсэн байна. 
Эх сурвалж: “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, 2023 он №33 /1281/; www.parliament.mn; www.legalinfo.mn