ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой юм.
Үүний дараа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимд зочилсон юм.
Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс 1962 оны 9 дүгээр сарын 12-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 1976 онд Вьентьянд, БНАЛАУ 1981 онд Улаанбаатар хотноо тус тус Элчин сайдын яамдаа харилцан нээсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/30861/