НИЙТ ШҮҮГЧИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГАН ХУРАЛДАНА
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит хоёрдугаар чуулган 2023 оны 9 дүгээр сарын 28-29-ний өдөр хуралдана.
Нийт шүүгчийн чуулган нь тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, огцруулах, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцдэг бөгөөд тодорхой хэрэг маргаантай холбоотой асуудлыг хэлэлцдэггүй.
Ээлжит хоёрдугаар чуулганаар Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайланг сонсож, “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар зөвлөмж гаргах юм.
Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ (supremecourt.mn)