“МОНГОЛ УЛС ДАХЬ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Европын холбооны санхүүжилттэйгээр Европын cэргээн босголт, хөгжлийн банк, Хууль зүй, дотоод хэргийн яамны санаачлагаар хэрэгжиж эхэлж буй “Монгол Улс дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү төслийн хэрэгжилттэй холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн яам болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага төслийг хамтран хэрэгжүүлэх Санамж бичиг байгууллаа.
Төслийн гол зорилго нь Монгол Улс дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, институцийн бүтэц, практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа арилжааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг улсын хэмжээнд сурталчилан таниулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар явуулах орчныг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд оршино гэжээ.
Энэхүү төслийн хүрээнд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах, эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд арилжааны эвлэрүүлэн зуучлалыг сурталчлан таниулах чиглэлээр оролцогч талууд хамтран ажиллах юм байна.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам (mojha.gov.mn)