ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

   Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023-10-18-ны өдрийн нэгдсэн хуралдаан  болж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
   Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав. Тэрбээр, хуулийн төслүүдийг энэ сарын 13-нд нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дурдаад, ялын бодлогыг, нэгдүгээрт, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн этгээдийг хугацаанаас өмнө суллахгүй, магадлангаар оруулахгүй, хоёрдугаарт, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа, ялангуяа бэлгийн эсрэг үйлдэгдэж байгаа хэрэгт ял, шийтгэлийн бодлогыг чангалж, хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй буюу зарим тохиолдолд 30 хүртэл жилийн хугацаагаар тооцох, гуравдугаарт, энэ төрлийн гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй, магадлангаар оруулахгүй, дөрөвдүгээрт, бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ 20 жил хорих байгааг 25 жил болгож нэмэгдүүлэн чангатгах асуудлыг оруулж байна гэсэн юм. 
   Мөн Эрүүгийн хуульд бага насны хүүхэд гэсэн насны ангиллыг 14-өөр тогтоосныг 16 нас болгохоор төсөлд тусгаж байгааг дурдав. Ингэснээр 14-өөс 16 хүртэлх насны хохирогчтой хэргүүд хүнд ангилал руу шилжиж бүх насаар хорих ялтай болох юм.