ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2023 оны 10 сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 10 сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төслийн үзэл баримтлалын талаар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Хуулийн төсөл батлагдсанаар хэргийн онцлогт тохирсон, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны уян хатан зохицуулалт бий болж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаашрал багасаж, иргэдэд хурдан шуурхай, хялбар байдлаар үр дүнтэй үйлчлэх шүүхийн хүртээмж дээшлэх юм байна.
Бага үнийн дүнтэй хэргийг нэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх зарчмыг тодорхойлж, цаасан болон цахим нотлох баримтыг шүүхээс үнэлэх зохицуулалтыг тусгасан байна.
Хууль зүйн байнгын хороо 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, Байнгын хорооны гишүүдийн олонх буюу 60 хувь нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
“Төсөлд зургаан төрлийн хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгасан бөгөөд гэр бүлийн харилцаанаас үүсэх бүх төрлийн маргаанд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам үйлчлэхгүй гэж заасан байгаа” гэлээ. Бага үнийн дүнтэй, иргэдийг ихээхэн чирэгдүүлдэг эдгээр маргааныг хялбаршуулан шийдвэрлэхээр хуульчиллаа гэхэд дээр дурдсан маргаан шийдвэрлэх үйл явц хэрхэн хялбаршиж, хугацаа богиносох талаар гишүүд тодруулсан. Төслийн зохицуулалтыг хэрэгжүүлснээр маргаан шийдвэрлэх дундаж хугацаа 48-72 хоног байх бөгөөд давж заалдах гомдлоо 7 хоногийн дотор мэдүүлэх, хянан шийдвэрлэх нь 21 хоног байх, үүнтэй уялдан хэрэг хянан шийдвэрлэх зардал буурна хэмээн тооцсон байна.
Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад оролцсон гишүүдийн олонх буюу 53.7 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/41167/