ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2023.11.03-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсад 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээхтэй холбоотой олон харилцааг зохицуулах эрх зүйн орчин дутмаг байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан байна. Манай улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрх, үүргийг тодорхойлох цаашлаад эд хөрөнгө хуваах, хүүхэд асрамжлахтай холбоотой маргааныг нарийвчлан зохицуулах эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай байгаа юм. Иймд хуулийн төсөлд хамтран амьдрагчдыг тодорхойлж, тэдгээрийн хамтын амьдралын явцад төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүртгүүлсэн гэрлэлтээс төрсөн хүүхдийн нэгэн адил хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ. Бусад улсын жишгээс үзэхэд, гэр бүлийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг сайжруулах, түүнчлэн тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах гэх зэрэг асуудлуудыг хууль тогтоомжоороо зохицуулж байна.
 
Иймд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг салбарын сайд танилцууллаа. Тухайлбал, хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг төсөлд тусгажээ. Мөн монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор садан төрлийн хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хориглож, иргэний бүртгэлийн байгууллагын мэдээллээс лавлагаа авах болон ДНХ-ийн шинжилгээнд хамрагдах боломжийг төсөлд тусгасан байна. 
 
Түүнчлэн төсөлд гэрлэлт цуцлах тусгай журамд гэрлэгчид эвлэрэх боломжгүй, эсхүл гэрлэгчийн байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон, тодорхой хугацаанд хамтран амьдраагүй зэрэг тохиолдолд шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болохоор тусгажээ.