ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. 
 
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар хэсэгт Эрүүл мэндийг дэмжих санг байгуулж, тус сан нь  архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь, тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөс санхүүждэг байна. Эрүүл мэндийг дэмжих санд жилд дунджаар 2-3 тэрбум төгрөгийг улсын төсөвт хуваарилан, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад баталдаг байна. Энэ төсвийг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжих эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга, нөлөөлөл, тандан судалгааны ажилд зарцуулдаг гэв. Цаашид тус сангийн үйлчлэх хүрээг өргөтгөн Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй 26 өвчнийг оношлох, эмчлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх,  нутагшуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Мөн зайлшгүй шаардлагаар буюу дотоодод оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчнөөр гадаад улс орнуудад эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд эмчилгээний зардлынх нь таван хувийг  буцаан олгодог. Дотоодод оношилж, эмчилж чадахгүй атлаа гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлж байгаа иргэдийнхээ эмчилгээний зардлын таван хувийг л буцаан олгож байгаа нь маш бага хэмжээ. Иймд үүнийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, үүнийг Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж, оршуулгын тэтгэмж олгох боломж бүрдүүлэх үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтуудыг тусгасан байна.
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг тав дахин нэмэгдүүлж, 10 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан гэдгийг Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа онцлов.
 
Төсвийн байнгын хороо 2023 оны арван нэгдүгээр сарын өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны тус хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байна.