НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХҮРЭЭНД “ХҮНИЙ ЭРХИЙН ҮНЭЛГЭЭ” СЭДЭВТ САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОО
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендерийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэг “Хүний эрхийн үнэлгээ” салбар хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Хэлэлцүүлгийн эхэнд “Хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд товч танилцуулга хийв.
Танилцуулгадаа, Улсын Их Хурлаас батлан гаргаж буй бүх хууль тогтоомж нь ямар нэг хэмжээгээр хүний эрхийг хангаж, хамгаалах чиг үүргийг агуулж байдаг. Тэдгээрээс хүний эрхийг хангах, хамгаалах тогтолцоо, механизм, чиг үүрэг, эрх хэмжээний хуваарилалт тогтоох зэргээр тухайн харилцааг шууд зохицуулсан 51 хууль байна гээд Монгол Улсын Их Хурлаас хүний эрхийг хангах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдал, хууль тогтоох үйл явц дахь хүний эрхийн хамаарал гэсэн агуулгын хүрээнд хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний тогтолцоо, Улсын Их Хурал дахь хүний эрхийн механизм, хууль, тогтоолын төсөл боловсруулах процессыг танилцуулж, үүнд Хууль тогтоомжийн тухай хуулийн 13.2.5-д хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг урьдчилан тооцсоны үндсэн дээр тухайн асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хувилбарыг тодорхойлох заалт туссаныг онцлов.
Мөн Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн суурь гэрээ, тэдгээрийн нэмэлт протоколуудад нийцүүлэн хүний эрхийг хамгаалах үндэсний эрх зүйн орчныг бүрдүүлж, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, түүний бүрдэл хэсэг, механизм, институцүүдийг байгуулан ажиллуулж байна. Түүнчлэн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд хүний эрхийг хангах, хамгаалах тодорхой зорилтуудыг дэвшүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа.
Монгол Улсын Их Хурлаас 2000 онд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага болох Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулсан. Тус комисс нь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх үндэсний илтгэлүүд, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулдаг бөгөөд тус байнгын хорооны дэргэд хүний эрхийн асуудлыг дагнан эрхэлдэг Хүний эрхийн дэд хороо ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Хүний эрхийн үндэсний байгууллагуудын талаарх Парисын зарчимд нийцүүлэн хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал, гишүүдийн томилгоог улс төрөөс ангид байлгах чиглэлд дорвитой өөрчлөлт хийхийг НҮБ-аас Монгол Улсад зөвлөсний дагуу 2021 онд тус хуулийг шинэчлэн найруулж баталсан.
Улсын Их Хурлаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх нөхцөл байдал үүсгэж буй хууль тогтоомжид үнэлгээ, дүгнэлт хийх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төсөлд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх зэргээр учирч болзошгүй эрсдэлийг илрүүлэх, арилгах механизм бүрдүүлэх зорилгоор холбогдох журам, аргачлалуудыг батлан мөрдүүлж байна гэж товч дүгнэлтдээ дурдлаа.
Түүнчлэн, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулахдаа, хүний эрхийн тогтолцооны байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, хүний эрхийн байгууллагуудын чиг үүргээ хэрэгжүүлэх чадамжийг нэмэгдүүлэх, төсөв санхүү, хүний нөөцөөр хангах шаардлагатай. Хууль тогтоомжийн тухай хуулиар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй хууль тогтоомжийн төсөлд хэрэгцээ шаардлагыг тандан судалж, үнэлэх, ингэхдээ хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг урьдчилан тооцсоны үндсэн дээр тухайн асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хувилбарыг тодорхойлох шаардлагыг тавьдаг. Үнэлгээний журам, аргачлалыг Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газраас батлан гаргасан ч үнэлгээ, дүн шинжилгээ хийх чадавхыг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай. Улсын Их Хурлын гишүүд асуулга, асуулт тавих, эрх бүхий байгууллагаас тайлбар, тодруулга авах, үндэсний тайлан, илтгэл хэлэлцэх, хяналтын сонсгол хийх, тухайлсан асуудлаар хяналт шалгалт хийх, НҮБ-ын тусгай илтгэгч, төлөөлөгчид болон шүгэл үлээгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийх зэрэг хуулиар тогтоосон бүрэн эрхийнхээ хүрээнд хүний эрхийг хамгаалах механизмд оролцдог. Цаашид Улсын Их Хурлын гишүүд, Байнгын, Дэд, Түр хороодын хүний эрхийн механизмд оролцох оролцоог идэвхжүүлэх замаар хуулийн төслийг хүний эрхийн зарчимд нийцүүлэн батлах үйл явцыг төгөлдөржүүлэх шаардлагатай гэжээ.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/41333/