ХОРИХ ЯЛ ЭДЛЭХЭЭС ХУГАЦААНААС ӨМНӨ ТЭНСЭН СУЛЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай хуулийн зохицуулалт нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох дүрэм, журмаар зохицуулагдаж байна.
Хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллах хууль зүйн үндэслэл:
Хорих ял шийтгүүлсэн ялтан оногдуулсан хорих ялын тодорхой хувийг эдэлсэн, засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлоо төлсөн бол түүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах саналыг хорих ангийн дарга прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ. /Эрүүгийн хуулийн 74-р зүйл, ШШГ тухай хууль 126.11-р зүйл /
Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг үйлдэж ял авсан ялтангийн хувьд онуугдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг эдэлсэн тохиолдолд хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах журмыг хэрэглэдэг.
Хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллахад ШШГЕГ-ын чиг үүргийн тухайд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба /цаашид хорих анги, алба гэх/-ны дэргэд ялтны хуулинд заасан урамшууллыг олгох, тэнсэн суллах, дэглэм бууруулах болон чангаруулах талаар шүүхэд санал гаргах болон бусад ялтны холбогдолтой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүрэг чиглэл бүхий “Арга зүйн зөвлөл”-ийг /цаашид зөвлөл гэх / хорих анги, албаны даргын тушаалаар байгуулна.
Зөвлөлийн хуралдааныг ялтныг хугацаанаас өмнө тэнсэн суллах, ял эдлэх дэглэмийг бууруулах санал гаргах тохиолдолд сар бүрийн 20-ноос 25-ны хооронд хийнэ.
Ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах асуудлыг хэлэлцэх хуралдаанд тухайн ялтныг биеэр оролцуулж хэлэлцэн шийдвэрлэнэ.
Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах шаардлагыг хангаж тэнцсэн ялтны зан байдлын тодорхойлолт, саналыг хариуцсан нийгмийн ажилтан нэгтгэн тодорхойлох бөгөөд хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргаар гарын үсэг зуруулж баталгаажуулна. Бүрдүүлсэн баримт бичгийг ялтны хувийн хэргийн хамт албан бичгээр харьяа аймаг, нийслэл, дүүргийн прокурорт хүргүүлэхийг тоо бүртгэлийн ажилтан хариуцна.
Ял тэнсэхэд прокурорын тавих хяналтын тухайд:
Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурор нь ял тэнсэх арга хэмжээг хэрэглэх ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг улирал бүр шалгаж, сар тутам танилцана.
Ял тэнсэх, ял хойшлуулах, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг ялтны хувийн хэрэгтэй танилцах, шаардлагатай тохиолдолд ялтантай уулзах, тайлбар гаргуулах, тодорхойлолт авах хэлбэрээр хянана.
Ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гаргасан прокурорын дүгнэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оршин байгаа газрын шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ./ЭБШХ-ийн 334-р зүйл/
Эх сурвалж:
1. Эрүүгийн хууль 2002 он
2. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хууль
3. 2010-07-16-ны өдрийн ШШГЕГ-ын тушаал “Ялтанд шагналын хоног олгох, тэнсэн суллах, ялын дэглэм өөрчлөх журам”
4. УЕП-ын 2011 оны 12 сарын 5-ны өдрийн 214 дүгээр тушаалын хавсралт “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”
“МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ” ХУУЛЬ ЗҮЙН ФИРМ