ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Улсын Их Хурлын Ниймийн бодлогын байнгын хорооны (2023.12.19) хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хийж, Тэрбээр танилцуулгадаа, Засгин газраас өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын эмэгтэй гишүүдээс 2021 оны гуравдугаар сарын 5-нд өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэсэн талаар дурдав.
Ажлын хэсэг нийт 10 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг, хуралдаан зохион байгуулж, зарчмын зөрүүтэй нийт 30 санал, найруулгын шинжтэй нэг, дагасан хуулийн төслүүдийн хүрээнд зарчмын зөрөөтэй 20 саналыг боловсруулжээ. Хуулийн төслийг дагасан нийт 14 хуулийн төслөөс Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулах үед энэхүү эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх тухай асуудал цөөнгүй хөндөгдсөн юм. Ажлын хэсгээс томъёолж оруулж ирсэн, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглэсэн үедээ бусдын орон байранд нэвтрэх, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулахыг хориглох, мөн эцэг, эх, асран хамгаалагч, соёл, спортын арга хэмжээнд хүүхдээ оролцуулахдаа гэнэтийн ослын даатгалд хамруулж байх, үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдийн хамтаар эцэг, эх нь сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ, төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд хамрагдах, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж багш, боловсрол сургалтын байгууллагад хүүхэд хичээлдээ тодорхойгүй шалтгаанаар ирээгүй тохиолдолд нэн даруй эцэг, эхэд мэдэгдэх, эрсдэлт нөхцөлд хүүхэд өртсөн тохиолдолд холбогдох ажилтанд мэдэгдэх зэрэг зарчмын зөрүүтэй саналуудын дийлэнх нь хуулийн нэлээд хэсгийг эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглүүлсэн байна.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны даргыг Засаг дарга, эсвэл хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга байхаар, тус хороо болон хамтарсан багийн санхүүжилт үйл ажиллагааны зардлыг харьяа газар, орон нутаг нь төсвийн төсөлдөө заавал тусгаж, эрх бүхий этгээдээр батлуулан, хэрэгжилтэд хяналт тавьж байхаар, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хяналтыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайланг орон нутгийн удирдлага жил бүрийн хоёрдугаар сард Хүүхэд гэр бүл хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хэлэлцэн дүгнэж байхаар тусгасан болон хуулийг 2024 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасныг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Эх сурвалж: www.parliament.mn