УЗБЕКИСТАН УЛСАД МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Төв Азийн бүс нутгийн зах зээлд томоохонд тооцогдох 35 сая гаруй хүн амтай Узбекистан улс нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг тул Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцсэн эрүүл хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг тухайн бүс нутагт таниулах, эдийн засгийн харилцааг өргөжүүлж худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой улс юм.
Хоёр талын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд аажмаар өсөн 2022 онд 10,4 сая ам.долларт хүрсэн бөгөөд хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд 2022 онд Ташкент хотод Монгол, Узбекистаны бизнес уулзалтыг хамтран зохион байгуулсан. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэгч улсын тоог нэмэгдүүлэх үүднээс улс төрийн хувьд төвийг сахисан, бүс нутагтаа нөлөө бүхий улстай илүү түлхүү ойр ажиллах нь зүйтэй хэмээн үзэж хоёр талын харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход чиглэсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр, санамж бичгүүдийг байгуулахаар ажиллах төлөвлөгөөтэй байна гэж салбарын сайд танилцуулав.
Ийнхүү Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах саналыг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар уг саналыг зөвшилцөн дэмжсэн шийдвэр гаргасан тул асуудлыг айлын талд дипломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариуг авсан байна.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/51716/