“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ БҮСЧЛЭН БАЙРШУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
 
Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулах” зорилтыг тусгасан.
 
 Тогтоолын төсөлд Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж, хөгжлийн түвшнийг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшнийг эрэмбэ дараатай дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор боловсруулж, дараах асуудлуудыг тусгасан байна. Үүнд:
- Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн байршуулах арга хэмжээ авах;
- Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчид дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгаа хангах асуудлыг судалж, зохих арга хэмжээ авах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, шийдвэрлүүлэх;
- төрийн байгууллага, албан хаагчдыг орон нутагт бүсчилсэн байдлаар шилжүүлэн байршуулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцон тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэж байх талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах асуудал болон тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тухай зохицуулалтыг тусгажээ.
 
Тус тогтоол батлагдсанаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах талаар бодитой арга хэмжээ авах боломж үүсэж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж, хөгжлийн түвшинг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж  эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бүрдүүлэн, шинжлэх ухаан, технологи, инновацын үйлдвэрлэл, аялал жуулчлал,  худалдаа,  үйлчилгээг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.